Шүд түүний өвчлөл

Амны хөндийн асуудлууд ба шүд цоорох өвчин, түүний хүндрэл

. Шүдний цоорлын гаралтай өвчин гэдэгт шүд цоорох өвчин ба түүний хүндрэлүүд орно. Үүнд:

а/ шүд цоорох өвчин

б/ шүдний зөөлцийн үрэвсэл

в/ шүдний холбоос эдийн үрэвсэл

г/ ясны хальсны үрэвсэл

д/ буглаа , нэвчээс , эрүүний ясны үрэвсэл гэсэн дарааллаар хүндэрдэг.

Шүд яагаад цоордог вэ?

Шүд хорхойтох буюу цоорох гэдэг нь шүдний хатуу эдийн эрдэсжилт алдагдсаны улмаас хатуу эд зөөлөрч шүдэнд хөндий үүсэх эмгэг процесс юм.

Шүдний эрдэсжилт яагаад алдагддаг вэ?

1.Тухайн хүний бие дэх кальци , фтор г.м эрдэсүүд аль нэг шалтгааны улмаас дутагдах , алдагдах … Жишээ нь тамирчид хөлсөөрөө эрдэс алдах , жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд эрдэс дутагдах, өсөлтийн насны охид хөвгүүдэд кальци илүү их хэрэгтэй болох…

2.Амны хөндий -н ариун цэврийг муу сахиснаас хоол хүнсний үлдэгдэл дээр бичил нян ихээр үрждэг. Бичил нян нь хоол хүнсний зүйлийг задалж амны хөндийд хүчил , хорт бүтээгдэхүүн үүсгэнэ.Үүссэн хүчил , хор нь шүдний хатуу эдийг хайлуулж халдварлуулдаг.

Шүдний цоорол нь араа шүдний зажлах гадарга , түшилцэх гадарга , хацар талын гадарга , төвгөрүү дээр, үүдэн шүдний түшилцэх гадарга , хэлэн талын хонхор гэсэн байрлалууд дээр үүснэ

Шүдний цоорлыг гүнээр нь:

-Толбон цоорол./ Macula cariosa / Энэ нь өвчтөнд зовиургүй , зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэгээр илэрдэг бөгөөд шүдний бүрэн бүтэн байдал алдагдаагүй, цагаан болон хар өнгөтэй толбо байдаг.

-Өнгөц цоорол . / Caries superficialis / Чихэрлэг болон исгэлэн зүйл идэхэд өвдөнө. Зарим хүнд өвдөлтгүй ч явагддаг. Шүдний паалангийн түвшинд бүрэн бүтэн байдал алдагдах буюу паалан барзгар болно.

-Дунд цоорол . / Caries media / Шүдний паалан тугалмайн зааг гэмтэж , шүдний зөөлц дээр хангалттай хатуу эд байна.Дунд цоорол нь хурц ба архаг 2 хэлбэрээр явагдана. Архаг үед өвчтөнд зовиургүй , тугалмай нь хатуу хар хүрэн өнгөтэй байна.

-Гүн цоорол . / Caries profunda / Энэ үед шүд халуун хүйтэн , исгэлэн , чихэрлэг зүйл идэхэд мөн цоорлын хөндийд хоол хүНсний зүйл ороход богино хугацаанд өвдөлт өгдөг. Шүдний доторх зөөлцөд маш их ойртсон , цоорлын том хөндийтэй байна. Аль ч цоорол архаг нь удаан явцтай , хурц нь хурдан явцтай учир аюултай байдаг.

. Шүдийг гаднаас нь харахад нарийхан харласан зураастай, бүтэн шүд мэт боловч яг эмчид очоод үзүүлэхэд тэр нь дунд эсвэл гүн цоорол аль хэдийнээ болсон байдаг. Учир нь шүдний паалан бол хүний биений ясан дахь хамгийн хатуу хэсэг учир шүд дотроо хөндий үүсч цоорч байгаад хамгийн сүүлд гаднах паалан нь эмтэрч унаж, цоорсон хөндий ил болдог

Ингээд ямар нэг өөрчлөлт оношлогдвол эртхэн эмчлүүлэх хэрэгтэй. Цаг алдвал :

1.Өвчин хүндэрнэ

2.Хүндэрсэн үед нь эмчилвэл мөнгө их орно, цаг их алдана.

3.Цоорол томрох тусам оронд нь тавих пломбоны хэмжээ томорч шүдний өөрийнх нь хатуу эд бага үлдэж улмаар шүдний даац мууддаг. Цаашилбал шүдээ авахуулахад хүрдэг.

Хүний эрүү нүүрний цогц системээс нэг л шүд авахад тэр системд үйл ажиллагаа , байрлал , гоо сайхны дараа дараагийн асуудлууд бас л гарч ирдэг.

Тиймээс иргэд өөрсдөө шүдийг аль болох авахуулахгүй эмчлүүлж үлдээхийн төлөө бололцоотой бүгдийг хийх хэрэгтэй. Гэтэл зарим хүн жаахан цоорсон шүдийг өрөмдүүлэхээсээ айгаад авхуулна гэж зүтгэдэг. Энэ бол маш буруу юм. Одоо орчин үед шүдийг ямар ч өвдөлтгүй өрөмдөх , эмчлэх бүрэн бололцоотой болсон.

Шүд нэгэнт цоорсон бол мэргэжлийн эмчид эртхэн очих хэрэгтэй. Харин шүд цоорохоос өмнө иргэд өөрсдөө урьдчилан сэргийлэлтийг бүрэн хийж чадна. Урьдчилан сэргийлэлт гэдэг нь:

-6 сар тутамд мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч байх.

-Зөв хооллож аль болох витаминлаг , минераллаг хоол хүнс түлхүү хэрэглэж байх. Үүнд: цагаан идээ , жимс    , ногоо –г их хэрэглэх. Харин газтай ундаа , будагтай ундаа ,   өтгөн кофе , байхуу , шүдэнд наалдамхай хоол хүнс бага хэрэглэх хэрэгтэй.

-Амны хөндийн эрүүл ахуйг маш сайн сахих / энэ талаар тусгай зөвлөмж байгаа / .

-Шүд цоорох эрсдэл ихтэй тамирчид , жирэмсэн болон хөхүүл эхчүүд , өсөлтийн насны хүүхдүүд, ясны сийрэгжилттэй хүмүүс D3 – витаминтай кальцийг эмчийн заавраар нэмэлтээр ууж байх хэрэгтэй.

Жирэмсэн болон хөхүүл үед өөрийгөө болон хүүхдээ кальцийн дутагдлаас сэргийлж байгаа юм. Гэхдээ заавал эмчийн заавраар уух хэрэгтэй. Өсвөр насны охид , хөвгүүдэд өсөхөд нь Ka , D3  – витамин  хэрэгтэй байдаг учир шүдэнд нь дутагддаг байна.

Эд хөрөнгөө алдвал багыг алдсанд

Нэр төрөө алдвал ихийг алдсанд

Эрүүл мэндээ алдвал бүгдийг алдсанд тооц…

Шүд цоорох өвчин гэж юу вэ? Юунаас болж үүсдэг вэ?

Шүд цоорох өвчин гэдэг нь шүдний хатуу эдийн эрдэсийн алдагдлын улмаас шүдний хатуу эд зөөлөрч, шүдэнд хөндий үүсэх эмгэг процессийг хэлнэ.
Шүдний цоорол үүсэх нь дараахи хүчин зүйлүүдээс хамаарч байдаг.Үүнд:
1. Амны хөндийн хэвийн болон эмгэг төрөгч бичил биетэн. Амны хөндийн хэвийн (амны микрофлор) болон эмгэг төрөгч бичил биетэний харилцан үйлчлэлийн нөлөөгөөр бусад өвчин үүсгэгч нян, савханцар, мөөгөнцөрүүдийн өсөлт хөгжилт нь дарангуйлагдаж, ам цэвэршиж, ялзралт, амны эвгүй үнэр дарагдаж байдаг. Амны хөндийг удаан хугацааны турш ариутгалын болон төрөл бүрийн хүчтэй уусмалуудаар зайлахад ам бактергүйжэх (микрофлоруудыг устгах) бөгөөд эмгэг төрөгч, микрофлоруудын харьцааг алдагдуулж, цоорол үүсэх нэг нөхцөлийг бүрдүүлдэг. Иймд хувь хүн амаа цэвэр усаар зайлж, зөвхөн эмчийн заавраар ариутгалын уусмалуудыг хэрэглэх нь зөв.
2. Шүлс, түүний найрлага, хэмжээ. Шүлс нь шүдний пааланг эрдэсжүүлэх, амны хөндийн хүчил шүлтийн орчинг саармагжуулах (амны хөндийн орчин хүчиллэг болоход нянгийн идэвхжил ихсэж, эрдэсийн алдагдал үүсгэснээр цоорол үүсэх нөхцөл нэмэгддэг), шүдийг цэвэрлэх, амны хөндийн салстыг байнга чийглэг байлгаж, фосфат, кальци болон олон төрлийн органик бодисын ионыг уусгах зэрэг чухал нөлөөтэй байдаг.
3. Хооллолтын буруу дэглэм.   Хамгийн чухал нь зөв хооллох. Хооллолтын дэглэм алдагдах, буруу хооллох, ялангуяа байнга нэг төрлийн, илчлэг чанар багатай хоол идэх нь шүдний эрдэсжилт болон эрүү,ясанд муу нөлөөтэй. Мөн хоол хооронд чихэрлэг, наалдамхай хүнсний зүйлийг (хатуу зөөлөн чихэр, төрөл бүрийн ундаа, жүүс, сок, иогурт, шоколад …) ихээр идэх нь амны хөндийн эмгэг төрөгч нянгуудын өсөж үржих хүчиллэг орчинг үүсгэж, энэ нь пааланг сийрэгжүүлж, наалдамхай байдал нь нян үржих, чулуу үүсэх таатай нөхцөл болж, шүдний цооролд ч төдийгүй бие организмд ч муу нөлөө үзүүлдэг.
4. Цаг хугацаа, буруу дадал зуршил.  Сүүлийн үед бага насны хүүхдийн шүд цоорол эрчимтэй ихсэж байна. Дөнгөж сүүн шүд цухуйв уу үгүй юу бүх шүд нь цооролд өртөж, хүмүүсийн ярьдгаар ёзоор үлдэж байна гэж их ярих болсон. Энэ нь хэдий хүүхдийн ерөнхий биеийн байдал зарим эмийн хэрэглээтэй холбоотой үүсэх тохиолдол байдаг авч ихэнхдээ эцэг, эх, халамжлагчийн буруугаас болдог. Хөхүүл хүүхдийг унтахад хөхийг аманд нь хийж унтуулах, өдөр тутам ундаа, шүүс зэргээр ундпах, хоол хооронд чихэрлэг хүнсний зүйл ихээр өгөх зэргээс болж бага насны хүүхдийн шүд их хэмжээгээр цоорч байна, Мөн бага насны хүүхдийг эцэг, эх, халамжлагч нь сойзоо дөнгөж барьдаг болонгуут нь шүдээ угаа гээд л хаячихдаг, оо  сойзыг нь буруу сонгож өгдөг, хүүхдийн уурлаж зөрүүдлэхээс нь төвөгшөөж шүдийг нь гүйцэд угааж өгөлгүй орхих зэргээс болж дээрх байдал үүсдэг.

5. Шүдний өнгөр, шүдээ хэрхэн зөв угааж байна гэдгээс хамаардаг байна.

     Шуд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх;
Юуны өмнө хоол хүнсний зүйлийг зөв тохируулж хэрэглэх хэрэгтэй. Аль болох шимтэй, тэжээллэг хүнсний зүйл /сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногоо/ оруулсан хоолыг хэрэглэх нь зөв. Эдгээр шүдийг бэхжүүлдэг олон эрдэс бодис, уураг, амин дэм байдаг. Гэвч жүрж, нимбэг зэрэг жимс нь хүчил ихтэй учир шүдний пааланг сийрэг болгох тул тохируулан хэрэглэх хэрэгтэй.
Идэвхтэй зажлалт шаардагдах хатуу, хатуувтар хүнс болох ааруул, ээзгий, алим зэргийг хэрэглэх нь шүдний цусан хангамжыг сайжруулж шүд бэхжихэд чухал нөлөөтөй. Гэвч энэ нь ломботой шүдэнд эсрэг заалттай байдаг. Чихэр, шоколад, гурилан бүтээгдэхүүн аль болох бага хэрэглэх хэрэгтэй. Эдгээр нь амны хөндийд хуримтлагдаж өвчин үүсгэгч нян үржих таатай орчин болдог. Шүд цоорох өвчнөөс сэргийлэх гол арга бол  шүдээ угаах.
Сувгийн эмчилгээ гэж юу вэ?
“Сувгийн эмчилгээ” гэдэг нь шүдний хөндийд байрлах судас мэдрэлийн багц буюу мэргэжлийн хэллэгээр шүдний зөөлцийг эмийн болон мэс заслын аргаар эмчлэх эмчилгээ юм. Энэ эмчилгээг ихэнх хүмүүс шүдний “мэдрэл тасдах” эмчилгээ гэдгээр нь мэддэг. Учир нь шүдний хөндийд мэдрэлийн судал, артери, вений судсууд, тунгалаг болон холбогч эдүүд байрладаг. Иймээс ч шүдний эмч нар илүү ойлгомжтой байлгахын тулд “мэдрэл тасдах” эмчилгээ гэж нэрлэдэг.
Шудний мэдрэл хаана байдаг вэ?
Ер нь бол шүдийг бидний ихэнх нь хатуу чулуу мэт эдээс тогтсон нэгэн цул биет гэж ойлгодог. Нөгөө талаар шүдийг яагаад өвдөөд байгаа учир шалтгааныг нь энгийн хумүүс ястай зүйрлэх нь бий. Тэгвэл шүдний дотор талд шүдний хөндий хэсэг байдаг. Энэ хөндийд нь цусны судас, мэдрэлийн багц нь байрлаж шүдний хатуу эдийн мэдрэлжилт болон бодисын солилцоог нь явуулж байдаг. Шүдний хөндийг зөөлцийн хөндий ба сурвалжийн суваг гэж ангилдаг. Шүдний хөндий нь шүдний төв хэогт байрладаг бол сурвалжийн суваг нь ихэнх хүмүүсийн хэлж заншсанаар шүдний ёзоор хэсэгт байрладаг бөгөөд түүгээр дамжиж судас мэдрэлийн багц шүдний хөндий рүү ордог.
Шудэнд мэдрэл байх ямар хэрэгтэй юм?
Магадгүй та бусад эд эрхтэнд мэдрэл ямар хэрэгтэй байдаг шиг шүдэнд ч тийм их чухал гэж бодож байгаа байх. Харин бид бол шүдэнд мэдрэл тийм ч чухал биш гэж хэлэх байна. Яагаад? Шүдний мэдрэл нь шүдний эдүүд бүтцээ олж хөгжих явцад маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Харин нэгэнт ургаж гүйцсэн шүдэнд бол мэдрэлийн багц нь зөвхөн мэдрэхүйн л үүрэг гүйцэтгэнэ. Шүдний мэдрэлийг авсанаар шүд бусад эрхтний адил үхжиж устах уу? Үгүй. Шүд байдгаараа л байна.Судалгаагаар шүдний мэдрэлээ эрүүлээр нь хадгалсан буюу эрүүл шүд болон шүдний хөндийг ломбодсон шүдний хооронд ямар нэгэн анзаарагдахуйц, таагүй байдал үүсгэхүйц ялгаа байдаггүй байна.
Сувгийн эмчилгээг яах гэж хийдэг вэ?
Сувгийн эмчилгээг шүдний хөндийд буй нянгаар халдварлагдсан халдварын голомтыг арилгах, өвдөлт таагүй мэдрэмжийн шалтгаан болж буй шудний зөөлөн эдийг авах зорилгоор хийдэг. Сувгийн эмчилгээ нь шүдний хөндий, сурвалжийн судгийг цэвэрлэх, сувгийг ломбодох гэсэн хоёр үе шаттай явагдана. Шүдний хөндийг цэвэрлэх ажилбар нь хоёр үндсэн зорилготой. Үүнд:
– Шүдний хөндийд үржиж хуримтлагдсан нян, бичил биетүүдийг устгах
– Мэдрэлийн эд болон нян бичил биетүүдийн үржих орчин болж буй органик гаралтай эдүүдийг шүдний хөндийгөөс гаргаж цэвэрлэх
Шүдний хөндийг халдваргүйжүүлж сайтар цэвэрлэсний дараа хөндийг ломбоны материалаар дүүргэж ломбодно.
Сувгийн эмчилгээ хийх шаардлагатайг яаж мэдэх вэ?
Сувгийн эмчилгээ шаардлагатайг шүдний эмч үзлэгээр тогтооно. Дараах тохиолдолд сувгийн эмчилгээ хийж болно.
– Шүд урьд нь өвдөж байсан. Хэсэг хугацааны давтамжтай өвддөг. Одоо өвдөж байгаа
– Буйлны орчимд хавдсан, дарахад эмзэглэлтэй
– Шүд шөнө оройн цагаар өвдөж байгаа бол таны шүдний сувгийг эмчлэх шаардлагатай.

 

 

Нэвчээс гэж юу вэ?

Булчин хальсны завсраар өөхөн эслэгийг даган тархах хандлага бүхий тархмал хурц идээт үрэвслийг нэвчээс гэнэ.

Шалтгаан: Шүдний гаралтай үрэвсэлт өвчин үүсгэгч буюу амны хөндийд байнга байрладаг стафилококк, энтерококк, стрептококк зэрэг нянгуудаар үүсгэгдэнэ. Эдгээр нянгууд хавсарсан байдлаар тохиолдохоос гадна сүүлийн жилүүдэд агааргүйтэн нянгуудаар үүсгэгдсэн үрэвслийн тохиолдол нэмэгдэж байна. стафилоккок зонхилон үүсгэгч болж байгаагаас ялангуяа Staphylococcus aureus (47%), Staphylococcus epidermis (33%)- аар үүсгэгдэж, эдгээр нь эритромицин, гентомицин, левомицетин зэрэг антибиотикт мэдрэг байгаа нь ажиглагдсан.
. Нэвчээстэй өвчтөний дийлэнх хувийг эрэгтэйчүүд (60%) эзэлж байгаа ба 5-11, 16-35 насанд өвчлөл өндөр байсан.
Байрлалын хувьд эрүү орчмын нэвчээс 74.9%, хоншоор орчмын 12%, үүнээс эрүүн доорхи 40%, эрүү далавчны 16%, зажлуурын булчин доорх 8.6%, бусад байрлалынх 1-5%, хавсарсан 14% тус тус эзэлж байна.
Шалтгаан болж буй шүдний байдлаар доод нэгдүгээр араа 62%, доод хоёрдугаар их араа 23%, дээд нэгдүгээр их араа 59%, дээд хоёрдугаар их араа 35% тус тус эзэлж байна.

Ангилал: Эслэгт зайн байрлал зүй, үрэвслийн тархалтаас хамаарч эрүү нүүр орчмын нэвчээсийг дараах байдлаар ангилна.
I. Эрүү нүүр орчмын буглаа, нэвчээс
1. Хоншоор орчмын эслэгт зайн
2. Эрүү орчмын эслэгт зайн
Дотор нь:
А. Өнгөц:
•    Ухархайн доорх
•    Хацрын
•    Эрүүн доорх
•    Оочин доорх
•    Зажлуурын булчин доорх
•    чихалзуурын
Б. Гүн:
•    Далавч тагнай, чамархайн доорхи доорх хонхорын
•    Эрүү далавчны
•    Залгиур орчмын
•    Хэлэн доорх
•    Амны ёроолын
II.Эрүү хоншоорын зэргэлдээх эдийн буглаа нэвчээс
•    Шанааны
•    чамархайн
•    Ухархайн
•    Эрүүний арын
•    Хүзүүний хэлний

Эмнэл зүй: Эрүү нүүр орчмын янз бүрийн байрлалтай нэвчээсийн үед ижил төст шинжүүд гардаг. Эдгээр шинж нь өвдөлт, хавдалт, улайлт , хэсэг газрын халуун нэмэгдэх, үйлийн хямрал  зэрэг болно.
Эрүү нүүр орчмын янз бүрийн хэсэгт байрлаж буй үрэвсэлт эмгэгүүдийн үед эдгээр ерөнхий шинжүүд харилцан адилгүй илэрдэг.
Дээрх шинж тэмдгүүдээс гадна голомтот шүдэнд холбоос эдийн архаг үрэвслийн эмнэл зүйн шинжүүд илэрнэ. Голомтот шүдийг өвчтөний амны хөндийн үзлэг, рентген зургаар тодорхойлно.
Ерөнхий биеийн хордлоготой холбоотой бие сулрах, толгой өвдөх, нойронд дургүй болох, 380С-390С хүртэл халуурах зэрэг зовиур илэрнэ. Дотор эрхтний үйл ажиллагаа рефлексээр алдагдах нь багагүй ажиглагдана. Энэ нь өтгөн хатах, өдрийн шээсний хэмжээ багасалтаар илэрнэ.
Лабораторын шинжилгээнд цагаан эсийн тоо 10*10г\л буюу түүнээс дээш ихсэх, цусны улаан эсийн тунах хурд ихсэх, эозинофиль, ерөнхий уургийн хэмжээ, түүний дотроос альбумины хэмжээ багасах зэрэг өөрчлөлт гарна.
Эмчилгээний зарчим: Эрүү нүүр орчмын идээт үрэвслийн үед хийх эмчилгээ нь өвчтөний нас, биеийн ерөнхий ба дархлалын байдал, үрэвслийн шинж чанар, явц, нянгийн төрөл, түүний хоруу чанар, тэдгээрийн антибиотикт мэдрэг байдал зэргээс хамаарна. Эрүү нүүр орчмын идээт үрэвслийн үед мэс заслын ба эмийн эмчилгээг хавсран хийнэ.
Эмчлүүлэгчийг эмнэлэгт хэвтсэний дараа хавсарсан эмчилгээг цаг алдалгүй эрт эхлэх ба биеийн ерөнхий байдал, өвчтөний хүнд хөнгөнөөс хамаарч эмчилгээг тохируулан хийх нь зүйтэй. Мөн физик эмчилгээг хавсран хэрэглэнэ.
Эмийн эмчилгээ:
•    Гомеостазыг хэвийн болгох
•    Дархлаа сайжруулах
•    Өвчин үүсгэгч нян устгах
•    Хордлого тайлах
•    Хэт мэдрэгшилийг багасгах
•    Цусны бүлэгнэлтийн эсрэг
•    Дааврын
•    Шинж тэмдэгийн эсрэг

One response to this post.

  1. Posted by Sodoo on 27/03/2012 at 12:21 pm

    Yostoi goy medeelluudiig oruulsan goy blog bainaa, mash ih bayrlalaa. Tsaashdaa goy medeelluudiig oruulsaar baigaarai!!!

    Reply

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: